Data Loading...
Семинар 15 Flipbook PDF
Семинар 15
132 Views
92 Downloads
FLIP PDF 227.54KB
Семинар 15 Монголчуудын оюуны ба эдийн соёл I. Монгол хэл, монголчуудын үсэг, бичгийн хөгжил. Монгол хэл. Өнөөдөр дэлхий дээрх хүмүүс 3000 орчим хэлээр ярилцдаг болохыг хэл шинжээч ид тэмдэглэсэн байна. Хэл шинжлэлийн ухаанд хүн төрөлхтний эдгээр олон хэлийг хэд хэдэн янзаар аймаглан хувааж үздэг бөгөөд үүнээс хамгийн өргөн дэлгэр хэрэглэгдэж байгаа нь тухайн хэлний үг бүтэх ёсны онцлогоор нь аймаглах журам бөгөөд энэхүү ангилал ёсоор дэлхийн бүх хэлийг 24 бүлэгт хуваадаг байна. Энэхүү ангиллаар монгол хэл нь түрэг, хамниган хэлтэй нэгэн төрөл хэлэнд багтдаг. Эдгээр хэлийг Алтай уулын нэрээр “Алтайн язгуурын хэл” гэж нэрлэдэг байна. Сүүлийн үед зарим эрдэмтэд солонгос, япон хэлийг энэ бүлэгт хамруулан үзэж байна. Алтайн язгуурын хэлний монголын салбар хэлээр ярилцагчдын монгол хэлийг дотор нь монгол, дагуур, монгор, могол, санта буюу баонь гэж хуваадаг. Академич Д. Төмөртогоо монгол хэлний түүхэн хөгжлийг: 1. Өвөг монгол хэлний үе. Энэ нь өвөг Алтайн хэлнээс монгол хэл бие даан салсан тэр цагаас эхэлж байна. Энэ үеийн хэлний онцлог шинжийг агуулсан баримт олддоггүй боловч түүхэн харьцуулсан хэл шинжлэлийн үүднээс эрдэмтэд энэ үеийн хэлний онцлогийг тодорхойлсон байна. 2. Эртний монгол хэлний үе. Өвөг монгол хэлний сүүлч үеэс барагцаалбал XI-XII зуун хүртлэх үеийг хамруулан авч үздэг. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд хоёр гол аялгуутай байсан бололтой. 3. Дундад үеийн монгол хэлний үе. Энэ үе нь XI-XII зуунаас XV-XVI зууныг хамрах ажээ. Энэ үеийн монгол хэл өмнөд, төв, өрнөд гэсэн гурван том аялгуунд хуваагдаж байсан байна. Дундад үеийн монгол хэлний онцлог шинжийг судлахад тэр үеийн бичгийн дурсгалууд хадгалагдан үлдсэн нь чухал боломжийг олгож байна. Энэ үеийн анхны бичгийн дурсгалд 5 мөр бичээс бүхий 20 гаруй үгтэй гэрэлт хөшөө орно. Мөн Пагва ламын зохиосон дөрвөлжин бичгээр тэмдэглэгдсэн дурсгалууд, “Монголын нууц товчоо” хэмээх алдарт бүтээл, Гүюг хааны тамганы бичиг, 1240 оны хятад, монгол бичээсний цөөн монгол үг, “Мөнх хааны гэрэлт хөшөө, XII-XIV зууны үеийн Араб-Монгол, Перс-Монгол толь бичиг зэргийг оруулж болно. 4. Орчин цагийн монгол хэлний үе. Энэ үе нь XV зуунаас өнөө үеийг хамардаг. Баримт дурсгал арвин болох нь тодорхой юм. Орчин цагийн монгол хэл, аялгуунуудад Төв монгол хэл гол цөм нь болж байна. Манай улсын ойрад, буриад
нараас бусад нь үүгээр ярьдаг, зонхилох аялгуу нь халх аялгуу юм. Мөн дархад, сартуул, дарьганга зэрэг аман аялгуунууд багтана. Монголчуудын хэрэглэж ирсэн бичиг үсэг. Хүн төрөлхтний өвөг дээдэс ялангуяа нүүдэлчид өөрсдийн өвөрмөц амьдралдаа тохирсон дээсэн бичгийг (олс, дээсийг янз бүрээр зангидан үзүүр гогцоо гаргаж дохио болгон харилцаж байв) анхлан хэрэглэж байсан байна. Монгол нутгаас олддог хадны янз бүрийн зураг, сүг дүрс нь манай нутаг дээр аж төрөн сууж байсан ард түмний хөгжлийнх нь нэгэн үеийн бичгийн хэлбэр байсан гэж хэлэх бүрэн үндэстэй. Цаашид энэ нь улам боловсронгуй болсоор авиа тэмдэглэх үсэг болтлоо хөгжжээ. Монгол газар байсан эртний улсууд бүгд бичиг үсэгтэй байсан. Хүннүчүүд хятадын дүрс бичгийг зарлиг тушаалд дарах тамга тэмдэг, газрын зураг зэрэгт ашиглаж байсан тухай мэдээ бий. Мөн Хятанчууд X зуунд их, бага бичиг нэртэй хоёр зүйл бичигтэй байсан байна. Монголчууд түүхэн хөгжлийн явцдаа арав шахам бичиг үсэг зохион хэрэглэж иржээ. I. Монгол бичиг. Олон нийтийн дунд “Хуучин монгол бичиг”, “Уйгаржин монгол бичиг”, “Худам монгол үсэг” гэж нэрлэгддэг. Монгол үсгийг хэдрэгний хэлбэрт дулдуйдан зохиосон гэдэг домог яриа байдаг. Энэ бичиг угтаа финик бичгээс үүсэлтэй бөгөөд түүнээс уламжилсан Арамей бичгийг согд нар авч, согдоос уйгар монголчууд дам авсан нь тодорхой юм. Дээрээс нь доош нар зөв эргүүлэн бичдэг гарамгай сайн бичээч хүн морины явдал дунд элчийн хэлсэн үгийг алдалгүй тэмдэглэх боломжтой тул “түргэн бичиг” хэмээх нь бий. Нийт 20 үсэгтэй. Үгийн эхэн, дунд, адагт өөрөөр бичигддэг. Нутгийн тохиромжтой.
аялгууны үгийг тэмдэглэхэд туйлын
Одоогоор бидэнд тодорхой мэдэгдэж байгаа баримтаар монгол бичгийн хамгийн эртний дурсгал нь “Чингисийн чулууны бичиг” юм. Ийм нэрээр алдаршсан боловч Чингистэй шууд холбоогүй, харин Есүнгэ мэргэн 335 алд газар харваж оносны дурсгалд зориулан 1225 онд босгосон тухай таван мөр бичээс бүхий гэрэлт хөшөө юм. Монголчууд түүхийн олон зуун жилийн турш энэ л бичгийг зонхилон хэрэглэж иржээ. Өөрчлөлт шинэчлэлтийн үеэс монгол бичгээ сэргээн хэрэглэх талаар төр засгаас ихээхэн анхаарч олон талт арга хэмжээ авч явуулснаар тодорхой үр дүнд хүрч байна. 2. Дөрвөлжин үсэг. 1269 онд Төвдийн лам Пагва лам Лодойжалцан (1235-1280) Хубилай хааны зарлигаар төвд үсэгт тулгуурлан зохиожээ. Дөрвөлжин бичиг нь төвд үсгийн ёсыг баримтлан үе, үсгээр таслан бичих зарчмыг хадгалсны дээр уйгаржин монгол бичгийн адил дээрээс доош бичдэг ёс, самгарди бичгийн үсэг холбох зурлага,
эгшиг дагуулах дүрэм зэргийг анхаарсан хэмээн хэл судлаачид үздэг байна. 44 үсэгтэй дөрвөлжин үсэг нь хуучин монгол бичигт тодорхойгүй байсан о, у, ө, ү, га, ха, ца, ча гэсэн тэмдэгтүүдийг ялган, төвдийн үсэгт байхгүй нэлээд тэмдэгтийг зохиох буюу самгарди үсгийг дууриалган хэрэглэсэн бололтой юм. Энэ бичгийн тухайн үед улсын албан ёсны бичиг болгож төр, шашны хүрээнд хэрэглэж байсан бөгөөд зарлиг, тамга, зоос, цаасан мөнгө гаргах зэрэгт энэ бичгээр бичиж байсан байна. Энэ бичгийн дурсгал болж хад чулуун дээр сийлсэн дурсгал болон “Субашид” зэрэг том сургаалын ном зохиол барлан хэвлэж байсан нь бидний үед хүрч иржээ. 3. Галиг үсэг (Али гали). XIV зууны үед бурхны шашны ном зохиолыг төвд, энэтхэгээс ихээхэн орчуулах болсон соёлын харилцааны хөгжлийн хэрээр гадаад үг, нэрийг монгол бичгээр тэмдэглэх шаардлага гарахад 1587 онд харчны Аюуш гүүш монгол бичигт галиг үсэг буюу гадаад үг тэмдэглэх тусгай үсэг зохион боловсруулсан тул монгол бичгээр самгарди (эртний энэтхэгийн номын хэл), төвд, нанхиад зэрэг гадаад хэлний үгийг тэмдэглэх бололцоотой болжээ. Галиг үсэг гэж аливаа улсын үсэг бичиг, үг яриаг өөр нэг үсэг бичигт шинжилгээний үндэстэй нарийн тооцоолон буулгахыг хэлнэ. 4. Тод үсэг. Мөн л монгол бичигт тулгуурлан уг бичгээ өөрчлөн сайжруула х зорилгоор 1648 онд Зая банди Намхайжамц (Огторгуйн далай) цэг тэмдэг нэмж тодорхой үсэг буюу “Тод үсэг”-ийг зохиожээ. Тод үсгийг Ижил мөрнөөс Хөх нуур, Эзнэ гол хүртэлх газар нутаглан сууж байсан ойрадууд хэрэглэж байсан бөгөөд Шинжааны ойрадууд саяхан болтол хэрэглэж байсан юм. Тод үсэг 7 эгшиг, 19 гийгүүлэгчтэй. Үүнээс гадна тод үсэгт урт эгшгийг эгшгийг давхарлан бичих, ар талд нь зураасаар гэсэн хоёр аргаар тэмдэглэж байжээ. Мөн самгарди, төвд хэлээр бичихэд зориулсан тусгай галиг үсгийн систем байдаг юм. 5. Вагиндрагийн үсэг. 1907 онд буриадын хамчин Агваандорж гэдэг хүн зохиосон нэгэн үсэг зохиож, Санкт-Петербург хотноо хорголжин бараар цутгуулж, хэдэн ном, цагаан толгойг хэвлүүлснийг Вагиндрагийн үсэг (Агваан гэдгийг самгардиар Вагиндра) хэмээн нэрлэх болжээ. Энэ үсгийн тухайд бол монгол бичиг, тод үсгийн бичилбэрт тулгуурлагдсан бөгөөд буриад аялгууг үндэс болгосон байна. Гэхдээ үгийн эхэнд, дунд, адаг хэмээн ялгадаггүй, их, бага үсэг гэж байдаггүй онцлогтой. Энэ бичгийн дурсгалд 1905-1910 оны хооронд Санкт-Петербург хотноо чулуун бараар хэвлэн гаргасан хэл, аман зохиолын номууд орно. Дэлхийн I дайныг хүртэл орон нутгийн шинжтэй хэрэглэгдэж байгаад орхигджээ. 6. Соёмбо үсэг. Монгол үсэгтэй шууд үүслийн холбоогүй боловч монголчууд бий болгон хэрэглэж байсан 1686 онд Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо үсэг”
гэж нэгэн үсэг бий. Соёмбо гэдэг нь самгарди хэлээр “өөрөө аяндаа бий болсон гэгээн үсэг” утгатай. Занабазар зохиосон зорилгоо түрүү үед орчуулсан ном зохиолын орчуулгыг шүүн засаж дахин хэвлэх, гадаад хэлний үгийг нарийсган тэмдэглэх бололцоог улам сайжруулахыг эрмэлзсэн болно гэжээ. 90 орчим үсэгтэй, зүүнээс баруун тийш үгийг үе үеэр нь бичдэг боловч заримдаа дээрээс нь доош бичсэн баримт тааралддаг. Хичээнгүй, таталган, эвхмэл гэсэн гурван хэлбэртэй боловч бичихэд нэлээд төвөгтэй учир төдий л удаан хугацаанд өргөн дэлгэр хэрэглэгдсэнгүй. Одоо соёмбо бичгийг хана, хэвлэлийн чимэглэлд өргөн хэрэглэдэг. 7. Хэвтээ дөрвөлжин бичиг. Өндөр гэгээн Занабазар Төвд цагаан толгойд үндэслэж соёмбо үсэгтэй бараг нэгэн зэрэг зохион боловсруулжээ. 70 шахам үсэгтэй, зүүнээс баруун тийш үгийг үе үеэр нь таслан бичнэ. Энэ бичгийг анх эрдэмтэн П. С. Паллас 1801 онд Санкт-Петербург хотноо хэвлүүлсэн номдоо цагаан толгойн хуулбарыг нь хавсарган судалгааны хүрээнд оруулсан юм. Хэвтээ дөрвөлжин үсгээр бичсэн дурсгал төдий л олонгүй. Ямар зорилгоор зохиосон нь тодорхойгүй. 8. Кирилл үсэг. 1921 онд ялсан Үндэсний ардчилсан хувьсгал монголын ард түмэнд сурч боловсрох шинэ үеийг нээж өгсөн. 1930-аад оны үед латин бичиг авч хэрэглэх төрийн шийдвэр гарч бэлтгэл ажил хийгдэж байсан боловч 1941 оны III сарын 25-ны өдрийн МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчид, СНЗ-ийн хамтарсан хурлаар монгол бичгийг шинэ үсгээр солих тухай тогтоол гаргаад мөн оны V сарын 9-нд эрдэмтэн Ц. Дамдинсүрэнгийн орос цагаан толгойд (кирилл үсэгт) үндэслэн зохиосон монгол хэлэнд тохирсон 35 үсэг бүхий шинэ үсгийг МАХН-ын ТХ-ны тэргүүлэгчид ба СНЗ-өөс баталж нийт улс даяар хэрэглэх болсон байна. Энэ бичиг нь орчин цагийн монгол хэлний ярианы дуудлагад тохирсон, сурахад хялбар, орос хэл сурах, орос ном зохиол ашиглахад хялбар болсон төдийгүй, монгол оронд бичиг үсэг үл мэдэх асуудлыг арилгахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бичиг юм. II. Эдийн соёл. Монголчуудын эдийн соёл нь овог үндэст-нүүдийн оршин тогтносон цагаас хойших түүхэн хөгжлийг тусган харуулахаас гадна тэдгээр үндэстнүүдийн эдийн засаг, соёлын өвөрмөц онцлог шинж, чанарыг мөн нэгэн адил тодорхойлдог. Монголчуудын эдийн соёлыг доорх гурван хэсэгт хамруулан авч үзье. а. Орон сууц. Монголын газар нутаг дээр амьдарч байсан эртний хүмүүс хүн төрөлхтний нэг адил нөмөр газар, хад хавцлыг сууц болгон ашиглаж байсны ул мөр үлдэж хоцорчээ. Балар цагийн хүмүүс модны мөчир шургаагаар саравч хийж, үйс ба холтсоор бүрсэн овоохойнуудад амьдарч байжээ. Чулуун зэвсгийн эцэс, хүрэл зэвсгийн эхэн үед араатан амьтны ясаар хийсэн, сараалжин ханатай, арьсан
бүрээстэй сууц буюу монгол гэрийн хэв маягтай төстэй дугуй хэлбэрийн нүхэн гэр үүсжээ. Монгол газар нутаг дээр оршин суугчдын дунд мал аж ахуй хөгжиж түүний дагуу нүүдлийн амьдрал зонхилж байсан учраас хялбар энгийн хийцтэй зөөж барихад тохиромжтой цаг агаарын хатуу нөхцөлд зохицсон орон сууц шаардагдсан байна. Энэ бүх шаардлагад тохирсон сууц амархан бүтээгүй нь мэдээж эхлээд овоохой, дугуй хэлбэрт нүхэнт гэрт хүмүүс суудаг байв. Хүмүүсийн оюун ухааны хүчээр хөдөлмөрийн багаж зэвсэг сайжирч, улмаар нүхэн гэрээ газар дээр барьдаг болж өнөөгийн гэрийн хийц маягтай төстэй гэр хийдэг болжээ. Улмаар мал аж ахуйтны хэрэгцээг хангаж чадахуйц амархан задалж, угсардаг одоогийн гэр гарч иржээ. Аажимдаа янз бүрийн хэлбэртэй сууц, цацар, асар, майхан, жодгор буй болжээ. Монголын орон сууц ийм замаар олон мянган жилийн хувьсгал өөрчлөлтүүдийг туулжээ. “Хүннүчүүд эсгий гэрт амьдардаг. Гэрийн хогшлыг ердийн хөсөг тэргээр зөөдөг байв” гэж эрдэмтэн Я. Бичурин тэмдэглэжээ. Түрэгийн зарим хаад гэрээ торгоор бүрдэг байсан тухай эрдэмтдийн бүтээлд дурьджээ. Түүгээр ч үл барам зарим үед монголчууд гэрээ тэрэг дээр барьдаг байжээ. Монгол гэр дугуй хэлбэртэй байдаг нь сууцны талбайг бүрэн эзэмшихэд ашигтай, намхан байдаг нь салхинд тогтвортой, эсгийгээр бүрдэг нь дулаан, тоононы нүх нь салхи оруулах гэрэлтүүлэх, өвлийн цагт нарны илчийг нэвтрүүлж дулаацуулах зэрэг сайн
талтайгаас
гадна
тооноор
туссан
нарны
байдлаар
өдрийн
цагийг
баримжаалдаг байжээ. Гэр барих буулгах нарийн дэс дараалалтай. Хоёр гуравхан хүн маш богино хугацаанд амархан барьж, буулгаж болдог. Өвлийн цагт давхарлаж дулаалж, зуны улиралд дан бүрээстэй болгон хөнгөлдөг. Гэрт агаарын солилцоо сайн учир хүний эрүүл мэндэд нэн тохиромжтой сууц юм. б. Хувцас хунар. Монголчуудын хувцас нүүдэлчин ахуй амьдрал, байгаль цаг улирал онцгой зохицсон байдаг. Тэд
хувцасаа гоёлын, өдөр тутмын, тусгай
зориулалтын гэж нарийн ангилж, эдэлж, хэрэглэж байжээ. Монголчууд Хүннүгийн үеэс баруун тийш зөрдөг энгэртэй урт дээл, ээтэн хоншоортой гутал, асарган бүс, хантааз хэрэглэж байгаад XVI зууны дунд үеэс монголд шарын шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор лам захтай хувцасны хэв маяг тогтсон байна. Харин манжийн эрхшээлд орсны дараа хуулийн дагуу цол хэргэм, зэрэг дэвийг нь ялгасан хувцас хэрэглүүлэх болсон байна. 1921 оноос энэ байдлыг халжээ. Монголчууд дээл хувцасаа малаас гарах арьс шир, ноос үсийг ашиглан хийж байв. Бөс даавууг гаднаас авч байжээ. Ихэнхдээ зун нь нимгэн тэрлэг, хавар намар
хөвөнтэй дээл, хүрэм, дотортой дээл, өвлийн улиралд голдуу хонины нэхий дээл өмсөнө. Мөн ямаа, чоно, үнэг, хярс, шилүүс, зээр, булганы арьсаар ч хийж байв. Дээлээ хөвөн нэхмэл даавуу, торгоор өнгөлнө. Нөхөрт гараагүй бүсгүйн дээл, нөхөрт гарсан эмэгтэйн дээлээс ялгаатай байсан байна. Дээл оёх нь ур дүй шаардсан нарийн ажил боловч айлын бүсгүй хүн бүр оёх, хатгах, эсгэх, угалз оёх, хэмжээ, өнгө тааруулах зэрэг олон урыг чадамгай эзэмшдэг байжээ. Монголчуудын малгай олон янз. Сүүлийн жилүүдэд хурц оройтой, оройдоо сампинтай хийх хандлага ихээхэн дэлгэрсэн байна. Оройн сампин нь нарыг төлөөлсөн, малгайн улаан залаа эрх чөлөөг илэрхийлсэн бэлгэдэлтэй. Монголчууд малгай бүсээ ихэд дээдэлж, дээгүүр нь гарахыг ихэд цээрлэнэ. Аливаа хүндэтгэлийн үйлийг эхлэхийн өмнө (ерөөл магтаал, хүндэтгэлийн үг хэлэх, ууц хөндөх, шүүс хуваах, золгох гэх мэт) малгайгаа заавал өмсөнө. Монгол гутлын нэг онцлог ээтэн хоншоортой, өсгийгүй байна. Гутлаа ихэвчлэн булигаараар хийж, угалз оёж гоёмсог болгоно. Монгол орон Орос төвтэй соёл иргэншилд татагдан орсны улмаас 1930-аад оноос европ гутал хувцас өргөн хэрэглэж эхэлсэн байна. в. Хоол унд. Эрт цагаас нүүдэлчин монголчуудын үндсэн хоол нь гэрийн тэжээмэл амьтдын мах, олон төрлийн сүүн бүтээгдэхүүн юм. Монголчууд хоол хүнсний зүйлээ хадгалдаг өөрийн гэсэн өвөрмөц технологитой байжээ. Мах, сүүн бүтээгдэхүүнийг хүйтний улиралд хөлдөөх, хатаах, шуузлах, утах, шарах зэрэг аргыг ашиглан удаан хугацаагаар хэрэглэж байв. Эдгээр аргыг эрт дээр үеэс хэрэглэж заншсаныг эртний ном зохиолуудад байх монголчууд холын замд борц, хуурай сүү, хатаасан цагаан идээ хэрэглэж байсан тухай мэдээ баримтаар нотолж болох юм. Бүтэн үхрийн махыг борцолж нүдээд хатаасан давсагт нь, хонины борцыг үнхэлцэгт нь багтаан авч явдаг байсан тухай ч ярилцдаг. Борцны чийглэг нь 5-7% -иас хэтрэхгүй тул хуурай газар 2 жил хүртэл хугацаагаар хадгалан хэрэглэх боломжтой байжээ. Аливаа тосыг гүзээ олгойд нь хадгална. Гүзээнд 15 кг хүртэлх тос ордог бөгөөд 4-5 сар хадгална. Тосонд ааруул, ээзгий, мойл хольж хэрэглэнэ. Монголчууд сүүгээр айраг, тараг, бяслаг, шар тос, цагаан тос, ааруул, аарц, хоормог, өрөм, ээзгий, цөцгий, архи зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн бэлтгэдэг. Цагаан идээгээ ялангуяа гүүний саам, айргийг олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах үүрэгтэйгээр ч хэрэглэдэг байна. II. Уран сайхны соёлын хөгжил. Монгол нутагт хүн бий болсон цагаас эхлэн урлаг, уран сайхны соёл хөгжиж ирсэн байна. Монголчууд ертөнцийн гоо сайхныг
билгийн нүдээр харж, түүнийгээ ардын аман зохиол, уран зураг, дуу хөгжим, бүжгээр дүрслэн илэрхийлж байжээ. Ардын аман зохиол. Ардын аман зохиол домог, үлгэр, дуу, тууль, явган үлгэр, домог үлгэр, хууч яриа, зүйр цэцэн үг, шившлэг, оньсого, ерөөл магтаал, түргэн хэллэг, бөөгийн дуудлага зэрэг төрөлтэй. Монголчуудын аман зохиолын баялаг уламжлалд тулгуурлан монгол бичгийн уран зохиол хөгжсөн байна. “Монголын нууц товчоо” зохиогдсон нь монголын соёлын хөгжилд гарсан томоохон ололт байв. Ардын хөгжим. Төмөр, чулуу, мод, арьс, чавхдас, хулс, хулуу, шавраар бүтээсэн найман бүлэг хөгжмийн зэмсэг байсан байна. Тэр хөгжмүүд заримдаа 412 хөгжимчнийг хүртэл багтаасан томоохон найрал хөгжим болдог байсан байна. Монгол ардын хөгжмийн зэмсгээс хамгийн их дэлгэрсэн нь лимбэ, цуур, бишгүүр, хуучир, шанз, ёочин, үхэр бүрээ зэрэг хөгжим болно. Морин хуур нь монголчуудын дунд эртнээс нааш дэлгэрсэн хоёр чавхдаст хөгжим. Цохивор хөгжмийн зэмсэгт харанга, хэнгэрэг, хэц, дэншиг орно. Эдгээрийг найрал хөгжмийн адилаар хурал ном хурах, цам майдар эргэх зэрэг шашны зан үйлд тоглуулдаг байжээ. Ардын бүжиг. “Монголын нууц товчоо”-нд бөө саглагар модыг тойрон бүжиг хийсэн тухай тэмдэглэсэн байдаг. Мод тойрон олуулаа бүжиглэдэг байсан эртний монгол бүжиг буриадын ёохор бүжгийн эх байсан байж ч болох юм. Монголын олон ястны бүжгүүд өөр хоорондоо ялгаатай бөгөөд төрөл бүрийн амьтад, шувуудын хөдөлгөөнийг дууриасан бүжиг хийдэг байсан тухай мэдээ бий. Баруун монголчууд гэрт бүжиглэхэд тохирсон агсал, биелгээ гэсэн бүжгүүдийг нийтээр хийдэг. Монгол бүжгийн урлаг эдүгээ уламжлалт өвийг ашиглаж орчин үе, ард түмний амьдрал хөдөлмөрийг тусган урагш хөгжиж байна. Мөн үегүй мэт нугарах уран нугараачид монголын соёлыг дэлхий дахинд сурталчилахад голлох үүргийг гүйцэтгэдэг. Ардын дуу. Монгол ардын дуу нь дотроо уртын дуу, богинын дуу, найрын дуу, төрийн дуу, харилцаа дуу, хошин шог дуу гэх мэт олон янз. Уртын дуу бол монголын ард түмний дууны урлагийн сонгодог хэлбэр, оргил нь болно. Уртын дуу нь дуучин хүнээс өндөр ур чадвар, нарийн сайн дуулах арга, дотоод сэтгэлийн ур, уран сайхны их илэрхийллийг шаардана. Уртын дууг дуулахын тулд наанадаж хоёр царт хоолойг эзэмших ёстой. Хөөмий дууны урлагийн бас нэг өвөрмөц хэлбэр юм. Хоолой, хэлний үзүүр хоёрын авиагаар хөөмийлдэг байна. Хөөмийлөхөд хүний авиа ялгаруулах нэг эрхтэн хөгжмийн зэмсэг болж хоёр үүргийг гүйцэтгэнэ. Уран зураг. Монголчууд ертөнцийг бодит байдлаар нь харж дүрслэх чадварыг нэн эртнээс эзэмшсэн ард түмэн юм. Хадны зураг монгол орны хувьд хөгжиж болох хамгийн тохиромжтой эртний урлагийн төрөл байсан тул хүрэл, төмөр зэвсгийн
түрүү үед хадны зураг монгол оронд ихэд хөгжиж энэ төрлийн дурсгалаар нэн баялаг орны нэг болсон байна. Хүрээлэн байгаа орчин амьдрал ахуйгаа уран сайхны хийсвэрлэлийн аргаар дүрслэх нэн өвөрмөц аргыг бий болгосон нь монгол хээ угалз юм. Энэ бол монголчуудын эртний урлаг хөгжих тусмаа байгаль орчин, бодит байдлыг бус, харин тэдгээрийн тухай уран сэтгэмжээ зурж илэрхийлэх болсны илрэл юм. Монголчуудын амьдрал ахуйд хээ угалзгүй эдлэл, хэрэгсэл бараг байхгүй. Хээ угалз уран зураг, уран баримал, уран барилга, зураасан зураг зэрэг дүрслэх урлагийн бүх төрөлд уран сайхны дүрслэлийн салшгүй хэсэг болон шингэжээ. Ардын урлаг, уран сайхан нь эдгээр баялаг уламжлал дээр тулгуурлан улам цэцэглэн хөгжсөөр өнөөг хүрч иржээ.